Жирэмсний витамины ач холбогдол

Жирэмсэн эхчүүдэд зориулсан витамин заавал хэрэглэх шаардлагатай юу?
Тийм ээ. Энэ бол жирэмсний хугацаанд танд болон таны хүүхдэд шаардагатай бүх витамин, эрдэс бодисыг хүрэлцээтэй хэмжээгээр хангах нэгэн арга юм. Хэрэв та өөрийн хоол хүнсэнд мах,сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариаг хангаллтай хэмжээгээр хэрэглэж байгаа гэдэгтээ эргэлзэж байвал энэхүү асуудлыг шийдэхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан витамин туслах болно.
Ихэнх эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоор шийдсэн үеэсээ эхлэн жирэмсэн эмэгтэйд зориулсан витамин болон эрдэс бодис агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэсэн байдаг. Энэ нь жирэмсэн болохдоо хэрэгцээт витамин, эрдсээр бүрэн хангагдсан байхач холбогдолтой.
Жирэмсний витамин нь зарим төрлийн хүнсний хязгаарлалт хийдэг, дэглэм барьдаг, эрүүл мэндийн асуудалтай болон жирэмсний хүндрэлтэй эмэгтэйчүүдэд илүү ач холбогдолтой. Тухайлбал:
  • Мах огт хэрэглэдэггүй цагаан хоолтон
  • Зарим төрлийн хүнсий бүтээгдэхүүн шингээх чадваргүй хүмүүс
  • Тамхи болон зарим төрлийн бодисыг хэтрүүлэн хэрэглэдэг эмэгтэйчүүд
  • Цусны эмгэгтэй эмэгтэйчүүд
  • Архаг хууч өвчтэй хүмүүс
  • Ходоод гэдсэндээ хагалгаа хийлгэж байсан бол
  • Ихэр ураг тээж байгаа бол гэх мэт.
Хоол хүнснээс авч чаддаггүй ямар бодис жирэмсний витаминд байдаг вэ?
Хэрэв та хоолны хязгаарлалт хийдэг бол танд юу хэрэгтэй байдаг талаар аль хэдийнээ мэддэг болсон байгаа. Фолийн хүчил, төмөр зэрэг нь жирэмсний витаминд түлхүү агуулагдаж байдаг бөгөөд эдгээрийг дан хоол хүнснээс хангалттай хэмжээгээр авч чаддагүй байна.
Фолийн хүчил
Витамин В бүлгийн аминдэмүүд ялангуяа фолийн хүчлийг хангаллтай хэрэглэж байх нь таны хүүхдэд нугасны эвэрхий болон тархи байхгүй (анэнцефали) байх зэрэг мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг 50-70 хувиар бууруулдаг. Эдгээр гажигууд ихэнх эмэгтэйчүүдийг жирэмсэн болсноо мэдэхээс өмнө буюу жирэмсний 28 дах хоног орчимд үүсдэг байна.Фолийн хүчил үүнээс гадна уруул тагнайн сэтэрхий, зүрхний гажиг зэргийг үүсэх эрсдэлийг бууруулдаг. Зарим судлаачид фолийн хүчил преэклампси буюу жирэмсний хожуу үеийн хордлого үүсэлтийг багасгадаг гэсэн санал дэвшүүлсэн байна.
Төмөр
Энэхүү эрдсийг хоол хүнснээс хангалттай хэмжээгээр авч чаддаггүй бөгөөд жирэмсний үед төмрийн хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор төмөр дутагдлын цус багадалт үүсдэг. Төмөр дутагдлын цус багадалтаас зайлсхийснээр дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх, нярайн эндэгдэл үүсэх эрсдэлээс сэргийлж чадна.
Жирэмсний витамин таны ямар хэрэгцээг хангаж чаддаггүй вэ?
Кальци
Жирэмсний витамин кальци агуулсан байдаг боловч энэ нь бүх хэрэгцээг дангаараа шийдэж чаддаггүй. Кальци таны хүүхдийн ясны болон шүдний бүтцэд орохоос гадна мэдрэл, булчингийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд кальци бол жирэмсэн үед чухал ач холбогдолтой эрдэс тул хангалттай хэмжээгээр авч байх шаардлагатай.
Та жирэмсний хугацаанд кальцийг ямар хоол хүнснээс авч болохыг жирэмсэн үеийн хооллолт сэдвээс уншаарай.
Амин чухал өөхний хүчлүүд
Жирэмсний витаминууд Омега-3DHA болон EPA зэрэг амин чухал өөхний хүчлүүдийг агуулаагүй байдаг. Эдгээр нь таны хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд чухал хэрэгтэйгээс гадна нүдний эдийн бүтцэд оролцдог байна.
Загасны мах эдгээр өөхний хүчлээр баялаг байдаг боловч мөнгөн усаар хордсон байж болохыг анхаараарай.
Омега- 3 таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд чухал шаардагатай тул эмчтэйгээ ярилцаж өөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эсэхээ тодруулаарай.
Витамин D
Танд тосонд уусдаг витаминуудын нэг болох D аминдэм зайлшгүй хэрэгтэй бөгөөд үндсэн үүрэг нь хүүхдийн ясны болон шүдний хөгжилд ороцдог байна. D аминдэм нь кальци болон фосфорын төвшинг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэв та жирэмсний хугацаанд витамин D хангалттай авч чадахгүй бол хүүхдийн яс амархан хугарах, хэлбэрээ өөрчлөх, ясны гаж хөгжил үүсэх зэрэг хүндрэлд хүргэх эрдсдэлтэйгээс гадна хөгжлийн хоцрогдолтой болгодог.
Жирэмсний витаминийг хэрхэн сонгох вэ?
Харамсалтай нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон витамин ямар байх тухай стандартодоог хүртэл гараагүй байна. Иймд эмчээс зөвлөгөө авчөөрт таарах бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.
Та жирэмсний витамин хэрэглэж байгаа бол эмчийн зааваргүйгээр өөр витамин, эрдсийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.
Хоол хүнсээр хангалттай авч чадахгүй байгаа төмөр, фолийн хүчил зэрэг бодисуудыг жирэмсний витамин ууж нөхөх хэрэгтэй. Эмч таны хэрэглэх бусад бодисуудын талаар тайлбарлаж өгөхөөс гадна илүүдвэл хорт нөлөө үзүүлж болох витамин А зэрэг бодисын зохистой хэмжээг зааж өгнө.
Витамин А бол амьтны гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагдаж байхаас гадна өндөр тунгаар хэрэглэвэл ургийн төрөлхийн гажиг үүсгэх шалтгаан болдог. Харин амьтны гаралтай А витаминаас өөр бета-каротин нь өндөр тунгаар хэрэглэсэн ч ургийн гажиг үүсгэдэггүй.
Манай орны нөхцөлд сүүлийн үед хэд хэдэн орны нэмэлт бүтээгдэхүүн орж ирсэн бөгөөд эдгээрээс та өөртөө тохирох чанартайг нь сонгон авч хэрэглээрэй.
Та мөн жирэмсний витамин сонгохдоо үйлдвэрлэсэн улс болон хугацааг анхаархаас гадна савалгаа, хэрэглэхэд тохиромжтой байдал зэргийг анхаарч үзээрэй. Тухайлбал зарим витаминууд олон ширхэгээр нэг саванд байдаг бөгөөд олон дахин онгойлгох, удаан хадгалах зэрэгт асуудал үүсч болох талтай байдаг.
Хэрэв эмийг залгихад бэрхшээлтэй байвал яах вэ?
Жирэмсний витамин болон эрдсүүд зэрэг нэмэлт бүтээгдэхүүн бага зэрэг том байх хандлагатай байдаг. Зарим эмэгтэйчүүдэд залгихад бэрхшээл учирдаг, ялангуяа жирэмсний эрт үеийн хордлоготой үед илүү төвөгтэй байдаг.
Хэрэв танд ийм асуудал тулгарвал эмч танд жижиг эмийг эсвэл гөлгөр бүрхүүлтэй, залгихад хялбар бэлдмэл санал болгох болно. (Кальци агуулаагүй бэлдмэл жижиг хэмжээтэй байдаг бөгөөд кальцийг тусад нь өөр бэлдмэлээр авч болно.)
Жирэмсний витамин ходоод хямраавал яах вэ?
Хэрэв таны хэрэглэж байгаа витамин 30 миллиграмаас илүү хэмжээний төмөр агуулсан бол ходоод гэдэсний замыг хямрааж болзошгүй.(Ихэнх нэмэлт бүтээгдэхүүнүүд 30мг эсвэл түүнээс бага төмөр агуулдаг.)
Мөн төмөр ихээр хэрэглэх нь өтгөн хаталт үүсгэдэг бөгөөд жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд тохиолддог энэ асуудлыг улам даамжруулдаг. Үүний зэрэгцээ төмөр нь дотор муухайруулах шалтгаан болдог.
Хэрэв төмөр хэрэглэсэнтэй холбоотойгоор таны ходоод хямарвал энэ тухайгаа эмчдээ хэлээрэй. Танд цус багадалт байхгүй бол төмөр хэрэглэхгүй байж болно. Мөн хэрэглэхээс өөр сонголтгүй үед ходоод гэдэсний хямралыг зохицуулах бусад аргуудыг ашиглаж болно. Тухайлбал өтгөн хаталтаас сэргийлж ислэг ихтэй хүнс хэрэглэх, шингэн зүйл сайн уух гэх мэт.
Дотор муухайрахаас зайлсхийхийн тулд нэмэлт бүтээгдэхүүнээ унтахдаа хэрэглэж болно. Эмч нар нэмэлт бүтээгдэхүүнийг хоол идсэний дараа уухыг зөвлөдөг. Энэ нь ходоодыг цочроохгүй байлгах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: http://www.eruuludam.mn